
Бүгдэд нь оройн мэнд. Зуны амралтаар Өвөө, Эмээ
дээрээ их очлоо. Цэвэр агаарт гоё амарлаа... Бас олон сонирхолтой
ном уншлаа... Монголын уран зохиолын ном уншаагүй удсан болохоор нэг л
гоё байлаа. Сүүлд уншсан шүлгийн түүврээс АУЗ Ш. Сүрэнжавын шүлгээс
орууллаа.
Нэрээр хийсэн шүлэг
Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл
Эгшиг нд нь уярсан нь би билээ
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ
Энхрий харцыг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхий нь би билээ
Хөшөөний дууль
Хөшөө болох хүндтэй юм, гэвч
Хүйтэн шөнөөр тэднийг би өрөвддөг
Усан бороонд цувгүй, шуурганаар дахгүй
Уйлж байх шиг нүүрэн дээгүүр нь нулимс бөмбөрнө
Арчъя гэвч гар нь хөдлөхгүй
Яръя гэвч ам нь ангайхгүй
Хүрэл, гантиг чулуун бие нь хөшилдөөд
Хүн цогцсоо үгүйлж байх шиг санагдана.
Хөшөө болох хүндтэй юм, гэвч
Хөгжөөн баярын үеэр нөхрөө би үгүйлдэг
Хундага тулган хөөрье гэтэл
Хувь дутаж тэр минь дэргэд үгүй байлаа
Амьдралын эрхээр хань ижилтэй болж
Амраг бүсгүй нь хэн нэгэнтэй явахад
Атаархан ширтэх мэт суурин дээрээ гунинхан
Аяархан шүүрс алдах шиг болоход нь би эмээдэг юм.
Өөрөөс нь настай болсон хүү нь
Өмнө нь цэцэг тавиад бодлогошрон зогсоход
Үнсэн таалахаар тонгойё гэвч болж өгөхгүй
Өндөр суурин дээрээс харуулданхан байна.
Хөшөө болох хүндтэй юм, гэвч
Хүйтэн шөнөөр тэднийг би өрөвддөг
Өнөөх л цэрэг цамц, винтовтойгоо
Өвлийн жавраар ч тэд гадаа зогсож байдаг юм
...
Эхнэр чинь чамд хайртай нь хэтрээд хардаж
Элдвээр үг алдуулах гэж ядах аваас
Эрээлж цээрлэхгүйгээр чи янагийн үлгэр зохион
Ийм сайхан хүүхэнтэй ингэж явлаа гэж ярь.
Эвгүйцэн биеэ хураан ирвэс шиг болох үед нь
Энэ бол чи байсан юм гэж үлгэрээ төгсгө.
Үнэхээр чи шүлэгч юм бол...
Үнэхээр л чи шүлэгч юм бол
Үнэнийг хэлэх зүрхтэй бай.
Үгээ олохгүй хий магтаж
Үзсэнээ онохгүй хэт маяглаж
Үнс харснаа гал болгож
Өөр бусдад гайхуулаад нэмэргүй
Аль нэгний амыг зээлж
Аялдан магтаж дагалдан муулж
Зүрхнийхээ тушаалыг зөрчиж олдог
Зүтгэл найрагчид байх ёсгүй
Хэрвээ чи шүлэгч л юм бол
Хэзээ ч үнэнийг хэлж бай
Хүний сэтгэлд хавар айлчлам
Хүсэл дурлал сэтгэлийн тухай
Хүрэл-гантиг баримал адил
Хөдөлмөрт өнгөжсөн булчингийн тухай
Бараан толбогүй өдрийн гэгээнд
Бадрангүй цохилсон зүрхний тухай
Ямар ч цагт сэтгэлд санагдах
Яруухан бадаг хэлээд аль.
Итгэлийн дуу
Явсан зүгийг чинь ширтээд
Янагийн дуугаа аялаад би
Яралзах одтой нөхөрлөөд
Явж л байна даа хонгор минь
Зүйлийн цэцгийг сэргээсэн
Зүсэр борооны үдшээр
Зуны нар шиг чамтайгаа
Зүүдэлж үзлээ хонгор минь
Зуун горхийг мэлмэрүүлсэн
Зургаан сарын үдшээр
Зуны нар шиг чамтайгаа
Зугаалж явлаа хонгор минь
Ирэх зүгийг чинь ширтээд би
Итгэлийн дуугаа дуулаад би
Энхрийхэн зургийг чинь ширтээд
Инээж л явна даа хонгор минь
Арав дахь хавраа үдье
Униар татсан хаврын орой
Урьхан салхи шивнэхдээ
Удахгүй сургуулиа төгсөх бидний
Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ?
Угтах зам минь хаагуур зурайна вэ?
Гэрэлт эрдмийн шимийг хүртсэн
Гэгээн танхимаас холдон явахад
Ижилдэн дассан сайн нөхөд минь
Эрхгүй нэгнээ санан дурсана даа
Эргэж хараад санаа алдана даа
Үүрнээс ниссэн шувуухай шиг
Үеийн найзууд холдон явахад
Үзүүргүй амьдралын алтан зам
Үйлсийн оргилд биднийг дагуулна
Үйлсийн оргилд биднийг дагуулна.
Торгон хилийн зүг
Хилийн зүг юуны тул
Хэн төлөө цэрэг эрс
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хааш одно вэ?
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар олныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Ард зөвлөлтийн арми ирж явна.
Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин ардууд
Алтан дэлхийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартахгүй
Монгол орос мөр зэрэгцэн
Морин атак шуугин ороод
Молцог элс улайран байсныг
Халын гол мартаагүй
Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелзэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулаад хайчна вэ?
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар олныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Ард зөвлөлтийн арми буцаж явна.
Бүсгүйчүүл /теле нэвтрүүлгийн дуу/
Хасын царайд нь туяа татаад
Хайрын талимаанд нь Туул нь мяралзаад
Алхсан газраас нь сарнай дэлгэрмээр
Аашны нь сайхнаас саран гэрэлтмээр
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Ардын үрсийн багш билээ
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Анагаан тэтгэх эмч билээ
Гэртээ ороход нь гэгээ татаад
Гэгэлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад
Шөнийн одонд гэрлээ нэмсэн
Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Уран гартай, үйлчин билээ
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Улсдаа цуутай саальчин билээ
Насанд ганцхан хайраар тэтгээд
Нартад заяасан хань минь гэгдээд
Өргөө гэрээ өөд нь татсан
Үрсийн жаргалаар өнөд инээсэн
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Зүрхэнд оршсон дагина билээ
Бүсгүйчүүл, бүсгүйчүүл
Зүүдэнд ургасан наран билээ
Хуучин сүм /киноны дуу/
Тушаал авсан цэргийн хүн шиг
Туушхан эгнэсэн замын гэрлүүд
Ирмэхийг мэддэггүй хүндэт харуул
Ээлжээ хүлээх шиг зогсож байна
Бүлтгэр үрсийг зочоох аюулгүй
Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр
Бүхий л олныхоо энхийн харуулд
Шөнийн эргүүл, шөнийн эргүүл
Тоглоомондоо ядарсан бөндгөр жаалууд
Тонгойн тонгойсоор унтаж хоцроод
Өхөөрдөж үнссэн эхийнхээ уруулаас
Үүрдийн энхрийллийг амсаж байна
Бүлтгэр үрсийг зочоох аюулгүй
Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр
Бүхий л олныхоо энхийн харуулд
Шөнийн эргүүл, шөнийн эргүүл
Сувилагч чамдаа баярлалаа
Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр тулхэж буцаасан
Асрал хайрын сүж наран
Ачлал энэрлийн сүн далай
Өрөвч цагаан сэтгэлтэй
Сувилагч чамдаа баярлалаа
Оровч гаравч дурсалтай
Эвлэг занд чинь баяслаа
Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй
Өрөвч цагаан сэтгэлтэй
Сувилагч чамдаа баярлалаа
Оровч гаравч дурсалтай
Эвлэг занд чинь баяслаа
Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацлах цалгиа
Нандин хүслийн шижир долгио
Өрөвч цагаан сэтгэлтэй
Сувилагч чамдаа баярлалаа
Оровч гаравч дурсалтай
Эвлэг занд чинь баяслаа
Намуун үдэш
Намуухан үдэш гадаа налайж
Найрсагхан чи минь гараа өглөө
Уяранхан дуулмаар оройн тогтуунд
Уужим хорвоо онцгой сайхнаа
Цэнгэлтэй бүжгийн ганган алхаанд
Цэлмэгхэн харц чинь хайраар гийлээ
Учиртайхан тусах ялдам мишээлд
Хүсэлтэйхэн зүрх минь янагшан даслаа.
Янагшин дассан хайрын үгээрээ
Ярилцан хоёулаа хорвоог туулъя
Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг
Яруухан бодолдоо энхрийлж явъя.


Сэтгэгдэлүүд:
Зочин- гоё дурсамжаа хуваалцсанд баярлалаа...
Хэллоо- баярлалаа. андаа чамд бас өндрөөс өндөр амжилт хүсье.
Ууганцэцэг- баярлалаа. харин тийн дээр үеийн шүлэг үнэхээр гоё юмаа. 6 шүлэг нэмж оруулсан шүү...
сайхан амраад авсан бол болж дээ..
Сэтгэгдэл үлдээх: